Мэдээ

"Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 92.2 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн XV хуралдаан хуралдлаа. Тус хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэн ажилласан "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 92.2 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ.
Хөтөлбөрт туссан зарим ажлуудаас онцлоход:
• Боловсролын салбарт 5 сургууль, 5 дотуур байр, 4 спорт заал, 6 цэцэрлэг шинээр баригдан ашиглалтад орсон нь энэ салбарт урд өмнө нь хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт боллоо.
• Эрүүл мэндийн салбарын барилга, их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд хандив тусламж, улс, орон нутгийн төсвийн 10.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг 100% хийгээд байна.
• Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2016 оны мөн үеэс 8.0 хувиар өсөж, ажилгүйдлийн түвшин 2.8 хувиар буурч 5.4 хувьд хүрлээ.
• Аймгийн ДНБ 2019 онд 365.8 тэрбум төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 30,3 хувиар, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5.99 сая төгрөгт хүрч 24,8 хувиар тус тус өслөө.
• “Шинэ хөдөө Булган” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж улс, орон нутгийн төсвөөс 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
• Орон нутгийн аж ахуй нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих үүрэг чиглэл өгснөөр, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагууд 7.8 тэрбум төгрөгийн худалдан авалтыг орон нутгаасаа хийсэн байна.
• Дэд бүтцийн салбарын суурь болсон Дулааны станц галаа өрдөн, илчээ түгээсэн, Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замын 34,8 км авто зам хөдөлгөөнөө нээсэн, Булган хот шинэ цэвэрлэх байгууламжийн ажлаа эхлүүлсэн, бизнесийн жишигт нийцсэн Худалдааны төв ашиглалтад орсон гээд Булганчууд бидний 10 жил хүлээсэн ажлууд ар араасаа бодит ажил хэрэг боллоо.
• Булган сумын хатуу хучилттай автозамыг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай гүйцэтгэснээр 2016 онтой харьцуулахад 15.3 хувиар өссөн бол аймгийн төвийн авто зогсоолын талбайг 11 дахин, явган замыг 7 дахин нэмэгдүүлсэн байна.
• Хүн ардынхаа аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 456 гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан нь сүүлийн 28 жилд Булган суманд байршуулсан нийт гэрэлтүүлгийн тоотой тэнцүү байгаа юм.
• Хог ангилан ялгах савыг аймгийн төвийн бүх айл өрхүүддээ суурилуулсан анхны аймаг боллоо. “Цэвэр орчин-Цэмцгэр Булган аян”-ыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол улсын “Хамгийн цэвэрхэн аймаг”-аар 2 дахь удаагаа шалгарлаа. Энэ бол нийт Булганчууд Та бидний хамтын амжилт юм.

Булган 80-н жил