Мэдээ

Хөдөө аж ахуйн гавьяат цолтон нэгээр нэмэгдлээ

Булган аймгийн Тэшиг сумын уугуул Тэшиг, Бугат сумын сум, нэгдлийн даргаар ажиллаж байсан Д.Цэен-Ойдов Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108 жилийн ойн өдөр Төр, түмэн олондоо гавьяа зүтгэлээ үнэлүүлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Д.Цэен-Ойдов нь 1961 оноос хойш улсад тасралтгүй ажиллах хугацаандаа Тэшиг, Бугат суманд сум- нэгдлийн даргаар 20 гаруй жил ажиллаж, сум орноо хөгжүүлэх ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд онцгой анхаарч, сумын төвийг тохижуулах, МАА-н материаллаг баазыг бэхжүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэгдлийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэн, гишүүдийнхээ амьдрал ахуйг сайжруулах, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эндэгдлийг бууруулах тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Юуны өмнө 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй барилгын бригад зохион байгуулж, 1966-1967 онд 15 ортой хүний их эмчийн салбар, 30 хүүхдийн цэцэрлэг яслийн барилга, 1967 онд 320 хүүхдийн сургуулийн байр барьж ашиглалтанд оруулсан.

1972 онд Тэшиг сумыг нүүлгэх шийдвэр гарч, 1975-1976 онд шинэ төвийг тохижуулан, улсын хөрөнгөөр 320 хүүхдийн хичээлийн 120 хүүхдийн дотуур байр, өөрийн нэгдлийн хүч хөрөнгөөр нэгдсэн контор, клуб, 10-н айлын орон сууц, аж ахуйн скалад, 2 худаг шинээр гаргаж, сумын төвийн албан байгууллага ард иргэдийн ундны болон ахуйн хэрэглээний усны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна. 1962 оноос эхлэн сумын мал сүргийн өсөлтийг эрчимжүүлэх бодлого төлөвлөгөө гарган хэрэгжүүлснээр малын боом, дуут хавдар, эргүү, хамуу зэрэг өвчнийг устгаж цагаан хорхой, ям, бруцеллёз зэрэг өвчний гаралтыг эрс бууруулан халдваргүй өвчтэй малыг цуглуулан эмчлэх эмчилгээ тэжээлийн цэгийг 2 газар байгуулан, дулаан хашаа байр, ус тэжээл, ажиллах мэргэжилтэн хүн хүч, эм тариа, малын тэжээлээр ханган ажиллуулснаар малын зүй бусын хорогдол 1965-1967 онд дунджаар 3729 мал хорогдож байсан бол 1987, 1988, 1989 онд 1642 толгой буюу 44%-иар буурсан байна. Мал сүргийг эрлийзжүүлсний үр дүнд бүх үхэр сүргийн 60 шахам хувь нь эрлийзжиж, ашиг шим нь дээшилснээр 1966 онд 37 тн цөцгийн тос үйлдвэрлэж байсан бол 1989 онд 86 тн цөцгийн тос үйлдвэрлэдэг болж 2.3 дахин нэмэгдсэн байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлснээр 1965 онд эргэлтийн талбай 1200 га байсан бол 1989 онд 9600 га болж 8 дахин, тариалсан талбай 1965 онд 840 га байсан бол 1989 онд 5860 га болж 7 дахин, хураан авсан ургац 1965 онд 705.6 тн байсан бол 1989 онд 11770 тн болж 16.8 дахин, 1 га-гаас авах ургац 1965 онд 8.4 цн байсан бол 1989 онд 20.1 цн болж 24 дахин өссөн байна. 1989 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны болон Атар газар эзэмшисний 30-н жилийн ой улсын социалист уралдаанд Тэшиг сумын “Шинэ-Амьдрал” нэгдэл улсын хэмжээнд Тэргүүн байр эзэлж МАХН-ын Төв Хороо, СНЗ, МҮЭ-ийн Төв Зөвлөл, МХЗЭ-ний Төв Хорооны үүрд хадаглагдах туг диплом мөнгөн шагналаар шагнагдаж, эдийн засгийн үзүүлэлт мөнгөн орлогоороо улсдаа тэргүүлсэн болно. Д.Цэен-Ойдов нь одоо ч гэсэн өөрийн байгуулсан “Илэнхэн“ ХХК-даа зөвлөхөөр ажиллаж, өөрийн хуримтлуулсан баялаг туршлагаасаа залуу үедээ өвлөн үлдээсээр байна.

Булган 80-н жил