Мэдээ

Баяр наадмын нээлт

Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч 
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж 
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан 
Эрийн гурван наадам эхэллээ. 

Булган аймгийн баяр наадмын нээлт төв цэнгэлдэх хүрээлэнд 2019.07.10-ны 11.30 цагт эхэлж, аймгийн Засаг дарга З.Батзориг нээж үг хэллээ.

Тэрбээр: 

Бахархах түүх, омогших алдар, хайрлах нутаг нэгтэй, элгэн садан Булганчууд аа

Хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 108, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Та бүхний түмэн амгаланг айлтгаж, баярын мэнд дэвшүүлье.

Тэнгэр эцэг тэтгэн хураа хайрлаж, газар эх дэлгэрч шимээ өгсөн, хуртай зуны энэ өдөр омогших бахархал, дээдлэх уламжлал, дэлгэрэх соёлын цөм болсон үндэсний их баяр наадам маань бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн эхэлж байна.

Үндэсний их баяр наадмаа хөдөлмөр бүтээлийн өрнүүн амжилт, хүрэх ирээдүйн зорилго, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмэр, энх мэндийн ерөөл билгээр угтан тосдог уламжлалтай билээ.

Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрх маань 1236 үр хүүхдээр ам бүлээ нэмж, Булганчууд бид 62097-уулаа боллоо. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж Та бидний билэгшээдгээр буянт мал сүрэг өсөж 3.3 саяд хүрлээ. Буудайгаараа алдартай Булган нутгийн тариаланчдын хөдөлмөр зүтгэлийн дүнд 56.7 мянган тонн үр тариа хураан авсан нь 1990 оноос хойш хураан авсан хамгийн арвин ургац болж, нэгжээс авсан ургацын хэмжээгээр улсдаа тэргүүлэгчидийн эгнээнд жагсаж байна.

Дэд бүтцийн салбарын суурь болсон Дулааны цахилгаан станц галаа өрдөн, илчээ түгээсэн, Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замын төгсгөлийн хэсэг 22 км авто зам хөдөлгөөнөө нээсэн, Булган хот дэлхийн жишигт нийцсэн шинэ цэвэрлэх байгууламжийн ажлаа эхлүүлсэн, бизнесийн жишигт нийцсэн Худалдааны төв ашиглалтад орсон гээд Булганчууд бидний он удаан жил хүлээсэн ажлууд үр шимээ өгч эхэлсэн түүхэн жил өрнөж байна.  

Бидний өнгөрснийг бүтээж өнөөдөрт хүргэсэн ахмад настан азай буурлууд, өнөөдрийн түүхийг бичилцэж яваа идэр залуу үе, ирээдүйн хөгжлийг цогцлоох хүүхэд багачууд гээд ажилч, хичээнгүй ард иргэд Та бүхний нөр их хөдөлмөрийн үрээр эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг тэмдэглэн хэлэхэд бахархалтай байна.

Анхдагч гавьяатан, алдар цуутнуудын өлгий Булганчууд бидний хувьд өнөө жил бахархан тэмдэглэх тэгш ойн баярууд тохиож байна. Эх сайхан нутгийн маань эзэн ноён  Эрдэнэ дайчин хошой чин ван Ханддоржийн мэндэлсний 150 жил, Улсын баатар С.Лхагвадоржийн 100 жил, Даян аварга С.Цэрэнгийн мэндэлсний 80 жил, Халх голын ялалтын 80, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг онцлон дурдах нь зүйтэй.

Булганчууд бид түүхэн ойн баяруудаа өргөн дэлгэр, үр өгөөжтэй, үлдэх бүтээл тууривалтай  тэмдэглэн өнгөрүүлэх болно.

Хүндэт наадамчид аа!

Бидний хамтын зүтгэл, хичээнгүй хөдөлмөр, чин сэтгэлийн хүчин чармайлтын үрээр Монголын түүхийн домогт өлгий Булганхангай нутаг минь улам цэцэглэн хөгжих болтугай. Хүчтэний тэнхээ их, хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, харваачдын сэц мэргэн, зон олны маань сэтгэл тэнүүн сайхан наадахын бэлгэ ерөөл өргөж, дэлхийд ганц монгол наадам дэнж дүүргэн эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлая.

 Хотол олноороо сайхан наадаарай.

 

 

Булган 80-н жил