Мэдээ

Хангинахын шугуйн шагайн тойром 2019

 “Хангинахын шугуйн шагайн тойром 2019” энэ амралтын өдрүүдэд боллоо.  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Хангинахын шугуйд өдгөөгөөс 400 гаруй жилийн тэртээд шагайчид чуулж жилдээ нэг удаа тойром харвадаг байсан бөгөөд тус тойром улсын хэмжээнд эхний гуравт ордог томоохон тойром байсан аж. “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг сэргээснээс хойш энэ жил 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү тойрмын гол онцлог нь Зуны эхэн сарын шинийн 8-нд Эгийн голын хөвөөнд Монос цэцэглэх цагаар тухайн жилийн анхны тойром харвааг зохион байгуулдаг байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

“Хангинахын шугуйн шагайн тойром 2019”-д Монгол улсын Үлэмж дархан мэргэн 1, дархан мэргэн 4, гарамгай мэргэн 7, хошой мэргэн 7, улсын мэргэн 24 оролцлоо. Жил ирэх бүр баг тамирчдын ур чадвар, цолтой харваачдын тоо нэмэгдэж байгаа нь тус тэмцээний чансааг харуулж байна хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

Энэ удаагийн тэмцээнд Өвөрхангай, Дорноговь, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар, Сэлэнгэ аймгууд, Хангал, Тэшиг, Хутаг-Өндөр, Сайхан сумдын 23 багийн 210 орчим харваачид цэц мэргэнээ сорьсон юм. Хоёр хоногийн турш үргэлжилсэн тус тэмцээнд Монгол улсын үлэмж дархан мэргэн /МУҮДМ/ Ш.Мөнхжаргал ахлагчтай Хутаг-Өндөр сумын “Уньт” баг гутгаар байр, МУҮДМ Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг дэд байр, Г.Жамъяншарав ахлагчтай Улаанбаатар хотын баг тэргүүн байрыг тус тус эзэлсэн. Цуваа харвааны төрөлд 130 гаруй харваачид цэц мэргэнээ сорисноос Улсын дархан мэргэн Дорноговь багийн харваач Г.Бүддорж хүрэл медаль, Улсын мэргэн Өвөрхангай аймгийн харваач Г.Гансүх мөнгөн медаль, Булган аймгийн Хангал сумын харьяат Монгол улсын гарамгай мэргэн Ч.Ирээдүй алтан медалийг хүртсэн. Чавх харваанд 8 багийн 80 орчим ахмад харваачид оролцсоноос Хутаг-Өндөр сумын н.Батчулуун ахлагчтай Хутаг-Өндөр баг гутгаар байр, Орхон аймгийн Н.Нямдорж ахлагчтай баг дэд байр, Тэшиг сумын Р.Бумбага ахлагчтай Буурал аав баг тэргүүн байрыг эзэллээ.. Ахмадын чавх харвааны цуваа харваанд Р.Бумбага тусгай байр, н.Дашдаваа гутгаар байр, Ж.Шагдарсүрэн дэд байр, Ц.Пэрэнлэйдаш тэргүүн байранд тус тус шалгарч өргөмжлөл, медаль мөнгөн шагналаар тус тус шагнагдсан юм.

Булган 80-н жил