Мэдээ

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар”, “Гавьяат механикжуулагч” Лувсанцэрэнгийн Лхагва нь өвчний улмаас таалал төгсч түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, Булганчууд бидэнд хүнд гарз тохиолоо. 
Хөдөлмөрийн баатар Л.Лхагва нь Булган аймгийн Сайхан сумын Хульж багийн Тахилтын гурван бууцны дунд өвөлжөөнд 1935 онд мэндэлжээ. Тэрээр бага сургуулиа төгсч, мал маллан амьдарч байгаад 1955 онд тракторч, комбайнчны курс төгсөж, 1956-1959 онд ДТ-54 трактораар жил бүр 1022-1300 зөөлөн га-гын ажил хийж аж ахуйнхаа анхны 4 удаагийн "Мянгат" цолтон болжээ. Улмаар 1960-1966 оны хооронд ургац хураах төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж 13 жил 2 сарын ажил хийж байлаа.
Л.Лхагва нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1971 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаар зарлигаар БНМАУ-ын “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолоор шагнагдсан юм. Тэрээр Сэлэнгэ сумын Ингэт толгойн сангийн аж ахуйд тракторч, Тэшиг сумын “Шинэ амьдрал” нэгдэлд механикжуулагч, Улаан толгойн сангийн аж ахуйн орлогч дарга, тариа бригадын инженер, Орхон аймгийн Жаргалант суманд улсын тэргүүний тариаланч хамт олон “Бүтлийн Ундарга” ХХК-ийг байгуулан зөвлөхөөр ажиллаж байлаа. 
Л.Лхагвагийн улс эх орныхоо хөгжил, тэр дундаа газар тариалангийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд оруулсан хүндтэй гавьяа, хөдөлмөр бүтээл, үйл хэрэг, хөдөлмөрч, ажилсаг, хичээнгүй, хүнлэг, даруу төлөв зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно. 
Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. 
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат
Засаг дарга З.Батзориг

Булган 80-н жил