Мэдээ

Дулааны станцыг ашиглалтад хүлээн авлаа.

Монгол улсын төсөв болон хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Булган аймгийн Дулааны станцын барилга угсралтын ажил дууссантай холбогдуулан Эрчим хүчний сайдын тушаалаар Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн дарга Т.Батдондогоор ахлуулсан улсын комисс ажиллалаа. Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрчим хүчний хөгжлийн төв, “Эрдэнэт ДЦС” ТӨХК, Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГ, Онцгой байдлын газар, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй улсын комисс Дулааны станц, Ус дулаан дамжуулах төв, нэгдүгээр контурын шугамын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг даалгаврын биелэлттэйгээр ашиглалтад хүлээн авлаа. 2009 онд шаваа тавьснаас хойш 10 жилийн дараа ашиглалтад орж байгаа тус станц нь 35 МВт-ын хүчин чадалтай бөгөөд одоогоор 42 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна. Манай аймгийн дэд бүтцийн салбарт томоохон дэвшил болсон тус станц ашиглалтад орсонтой холбогдуулан Булган сумын хэрэглээний халуун ус, дулааны шугамуудыг шинэчлэх, засварлах шаардлагатай байгааг аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий онцоллоо.

Булган 80-н жил