Мэдээ

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын Булган аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Булган аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэллээ.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж нарын удирдлагууд оролцсон юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 06:30 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 14 алба, 20 мэргэжлийн ангийн нийт 654 хүн, 79 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нэг зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдэж байна.

Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулах юм.

Дадлага сургуулиуд нь албад, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах, дадлагажуулах зорилготой юм.

Булган 80-н жил