Мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Хангал сумын уугуул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, мөн тус сумын харъяат Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Хутаг-Өндөр сумын уугуул Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр болон бусад албаны хүмүүс багтсан бөгөөд тэд орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Булган аймгийн хөдөлмөрчидтэй уулзах үеэр иргэд хөдөө орон нутагт тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, боловсролын системийн чанарыг сайжруулах талаар ямар ажил хийгдэж байгааг асууж тодруулан, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.

Энэ удаагийн уулзалтаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж яваа Булган аймгийн уугуул гурван дэд сайд цаашид төрөлх аймагтайгаа хэрхэн хамтран ажиллах талаараа аймгийн улирдлагуудтай санал солилцсон чухал уулзалт болсон юм.

Иргэдтэй уулзах үеэрээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН эрх барьсанаас хойшхи найман сарын хугацаанд өнгөрсөн эрх баригчдын учруулсан бодлогогүй шийдвэрүүдийг таслан зогсоож, засч залруулахад ихээхэн цаг хугацаа зарцуулан ажиллаж байгаагаа дурьдаад эдийн засгийн хямралыг даван туулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна гэлээ.

Харин УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн саруудад баталсан хуулиудыг иргэдэд танилцуулж, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэд хэдэн асуудал бодит ажил болсоныг дуулгасан юм. Тэрбээр "Иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх, бодит үр дүнг харуулах хуулиудыг өнгөрөгч намрын чуулганы үеэр баталж чадсан. Тухайлбал, жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд хөдөлмөр эрхэлж байгаа малчдынхаа тэтгэвэрийн насыг таван жилээр наашлуулж чадлаа. Ахмадууддаа насны хишиг олгохоор болж, ээжүүдийгээ цалинтай болгосон гэх мэт гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц хуулиудыг баталсан. Тун удахгүй та бүхэн үр шимийг хүртэнэ гэсэн юм.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

БҮТЭЭЛЧ БУЛГАН-''БАЯН ДАШ ХАЙРХАН'' ХХК