Мэдээ

Гурванбулаг суманд иргэдтэй уулзлаа

Гурванбулаг суманд өнөөдөр /2018.05.08/ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд “Хавдаргүй Булган" төсөл нээлтээ хийж, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, О.Гантулга мөн сумдын удирдлагууд оролцлоо. Энэ удаагийн “Хавдаргүй Булган” хөтөлбөр Ходоодны хорт хавдрын үзлэг шинжилгээгээр үргэлжилж байна.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий нар сумын зарим төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Гурванбулаг сумын сургуульд аймгийн Засаг даргын нэрэмжит кабинет байгуулах юм. Хоёр багийн эмч нарын мотоциклын асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэхээр болов. Аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгох “Чацаргана” төслийн хүрээнд жимсчидтэй уулзан тарьсан суулгац, усалгаажуулалтын талаар санал бодлыг нь сонслоо.

Түүнчлэн тус суманд ажиллаж байгаа ажлын хэсэг сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн юм. Уулзалтадд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Засгийн газраас болон тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажлын талаар, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий аймгийн түүхт 80 жилийн ойг угтан хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар, “Шинэ хөдөө”, “Чацаргана” төслүүдийн талаар мөн орлогч дарга О.Гантулга нар тус тус иргэдэд мэдээлэл хүргэлээ. Иргэд сонирхсон асуултуудаа УИХ гишүүн болон аймаг, сумдын удирдлагуудаас асууж, санал бодлоо солилцсон юм.

Булган 80-н жил