Мэдээ

Ардын Их хурлын депутат асан П.Дамбад хүндэтгэл үзүүллээ

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. 1992 оны 01 сарын 13-нд баталсан шинэ Үндсэн хууль нь манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ. Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхаглаж, наад зах нь нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагджээ. Тус хуулийг Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон, 76 өдөр хуралдаж байж баталсан гэдэг. Мөн Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй  санал ирүүлж байжээ. Булган аймгаас 16 депутат нутаг орноо төлөөлөн Үндсэн хуулиа батлалцсан бөгөөд Ардын Их хурлын депутат асан П.Дамбад 2018 оны 01 сарын 15-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбат хүндэтгэл үзүүллээ. П.Дамба нь түргэн тусламжийн жолооч, механик, сум, агентлагийн дарга, аймгийн Засаг даргын орлогч зэрэг албан тушаалыг 40 гаруй жил хашсан бөгөөд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр олон удаа сонгогдож байсан юм. 

Булган 80-н жил