Мэдээ

4 дүгээр сарын мэдээ

  • .

  • 2019-05-29

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаар:

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит XI хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанаар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн санхүүгийн тайланд хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай, аймгийн  худалдан авах ажиллагааны 2018 оны тайлангийн тухай, “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөр батлах тухай, аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн тухай, концессын зүйлийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гаргалаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг хоёр удаа хийж, 16 асуудал хэлэлцэн, 2 тогтоол гаргаж, 11 асуудлаар тэмдэглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө. Иргэний танхимд 7 хэлэлцүүлэг, 1 зөвлөгөөн зохион байгуулж 187 иргэн хамруулсан байна.  Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар шинэлэг ажлуудыг санаачлан ИНБ-уудыг хэлэлцүүлэгт өргөнөөр хамруулж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлын талаар:

ГХУСАЗЗ-өөс энэ оны 4 сарын 15-аас 5 сарын 15-ны хооронд “Байгалиа хайрлая” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагуудаас санал авч нэгдсэн төлөвлөгөө гаргаж зохих хөрөнгийг шийдэн ажил зохион байгуулж байна.

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар:

Төрийн ажлын зохион байгуулалтын чиглэлээр:

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтран багийн Засаг дарга нарын ажлын ур чадварыг дээшлүүлэх “Манлайлал ур чадвар” сэдэвт сургалтад 16 сумын 50 багийн Засаг дарга нарыг хамрууллаа.

Аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нартай цахим хурал зохион байгууллаа. Цахим хуралд 16 сум, 1 тосгоны Засаг дарга, захирагч нар оролцож улс, орон нутгийн төсвөөр гүйцэтгэх төсөл хэмжээний хэрэгжилт, мал төллөлт болон хаваржилт, тариалалтын бэлтгэл ажлыг хангах, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэж, аймгийн Засаг даргын зүгээс бүх сумдын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг даалгавар хүргүүллээ.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Булган сумын ЗДТГ-т зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж байна. Уг ажлын хүрээнд төрийн жинхэнэ албаны сул орон тооны албан тушаалын тодорхойлолтыг хянуулан батлуулахаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байна.

Гадаад харилцааны чиглэлээр:

БНСУ-ын Гёнсанбүг мужийн Гёнжү хотод зохион байгуулагдсан Зүүнд хойд Азийн засаг захиргаадын холбооны гишүүн орнуудын Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хуралд Булган аймгаас 2 төлөөлөгч оролцлоо.

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр:

Аймгийн Засаг баталсан удирдамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Засаг даргад танилцуулан ажиллалаа. Мөн аймгийн Онцгой байдлын газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийг Засаг даргаар батлуулаад байна.

Төрийн архивын чиглэлээр:

Лавлагаа авахыг хүссэн 111 иргэнд 617 баримтаар үйлчилж /давхардасан тоогоор/ тушаал 295, малын А данс 27, цалингийн 355 баримтаар үйлчилсэн. Үүнээс 66 иргэнд 142 хуулбарын лавлагаа олгож, 52 иргэнд цалингийн лавлагаа, 16 тодорхойлолт олгосон. Булган аймгийн Засаг даргын 2017 оны А/266 тоот захирамжаар байгуулагдсан “ Бүх нийтийн эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийг Булган аймгийн 16 сум 1 тосгонд зохион байгуулж эрхзүйн багийн гишүүд 986 иргэн, төрийн албан хаагчдыг хамруулан Архивын улсын үзлэг угтаж,зөвлөн туслаж, сумдын 101 төрийн байгууллагын архив бичиг хэргийн хадгалалт хамгаалалт,албан хэрэг хөтлөлтийн стандарт, бүртгэлийг зөв хөтлөж байгаа эсэхийг шалган зааварчилгаа өгсөн.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

2019 оны 4 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт орлого ба тусламжийн дүн 18.9 тэрбум төгрөг буюу 96.1 хувийн, нийт зарлага 16.9 тэрбум төгрөг буюу 77.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 4,4 хувь, урсгал орлого 16,6 хувиар өсч, нийт зарлага 0,6 хувиар буурсан дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 8,1 тэрбум төгрөг буюу 103.1 хувийн, сумдын төсвийн орлого 7.9 тэрбум төгрөг буюу 92.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 7,8 тэрбум төгрөг буюу 92,8 хувь байна.

Улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр 534,9 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр 10042,1 сая төгрөг, санхүүгийн дэмжлэгээр 581,7 сая төгрөг олгосон байна.

Аймгийн дүнгээр хадгаламжийн хүүгийн орлого, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газрын төлбөр, ус рашааны нөөц ашигласны төлбөр, хүү торгуулийн орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого биелж, бусад орлого тасарсан байна. Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Сэлэнгэ, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Хялганат сумын урсгал орлогын төлөвлөгөө биелж бусад сумын урсгал орлогын төлөвлөгөөний биелэлт 73,7%-99,6% байна.\

Аймгийн төсвийн нийт зарлага 16945,8 сая төгрөг буюу 77,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс: Орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 5375,4 сая төгрөг буюу 63.0 хувь, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 11570,3 сая төгрөг буюу 86.8 хувь байна. Сумдад 2065,9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 10042,1 сая төгрөгийн шилжүүлгийг тус тус олголоо. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр аймгийн төвийн УДДТ-1,2,3-аас 1-р сургууль, үйлдвэрийн зуух, 2-р сургууль хүртэлх гадна дулааны шугамын өргөтгөлийн зураг төсвийн эхний шатны санхүүжилт 25.0 сая, Сайхан сумын 320 хүүхдийн суудалтай сургууль, 100 хүүхдийн дотуур байрны зураг төслийн ажлын санхүүжилт 52,7 сая, Булган сумын 6Д хэсгийн гэр хорооллын ариутгах татуургын шугамын зураг төслийн ажлын санхүүжилт 8,0 сая, Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр байгаль орчны хохирлын үнэлгээнд 19,2 сая, Булган сумын төвд хогийн сав нийлүүлэх ажлын санхүүжилтэд 72,7 сая, цаг агаарт зориудаар нөлөөлөх автомашин авахад 40,0 сая төгрөгийн гүйцэтгэл тус тус гарсан байна.

Нийт өр 105,4 89,8 сая, авлага 0,2 сая төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал өр 191,7 сая, авлага 56,9 сая төгрөгөөр буурсан байна.

Аймгийн төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагын 6532 ширхэг гүйлгээгээр 18,7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Гурав: Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн  эрх зүйн боловсролын дээшлүүлэх нь” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төвөөс алслагдсан багийн иргэдийн эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийн мэдээлэл хүргэх, хууль зүйн зөвлөгөө өгөх  ажлын хүрээнд аймгийн “Эрх зүйн баг”  16 сум, 1 тосгоны 22 багт хүрч  8 агентлагийн албан хаагч сургалт сурталчилгааг хийж 1000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа.

Мөн 4 дүгээр сарын байдлаар хуулийн байгууллагуудын хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, цаашид авах арга хэмжээ”, “Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, “Байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийг бууруулах, цаашид авах арга хэмжээ”, “Цагдан хорих, эрүүлжүүлэх байрны нөхцөлийг сайжруулах” нь зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүдийг 4 удаа зохион байгуулж, цаашид хамтарч ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, ГХУСАЗЗ, МХГ, БОАЖГ, ОБГ зэрэг агентлагууд “Байгалиа хамгаалъя” аяныг зохион байгуулж хамтарсан хяналт, шалгалт, сургалт сурталчилгааг хийж байна.

 ГХУСАЗЗ-тэй хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг  8 аж ахуй нэгжийг хамруулан зохион байгууллаа. Дээрх хяналт шалгалтын явцад ноцтой зөрчил гараагүй боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй зэрэг дутагдлууд гарсан. Сүм хийдийн үйл ажиллагааг сайжруулах, зөрчил дутагдлыг арилгасны дараа тусгай зөвшөөрлийг сунгах саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд орууллаа.

Эрх зүйн сургалт сурталчилгаа, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр:

            2019 оны эхний 4 сарын  байдлаар аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу албан сургалтыг 10 удаа зохион байгуулж 800 гаруй иргэдэд, албан бус сургалтыг 8 удаа зохион байгуулж 1000 гаруй иргэдэд зөвлөгөө, мэдээлэл  хүргэлээ.

            Мөн бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд сургагч багш нарыг бэлтгэж 2 удаагийн сургалтыг зохион байгуулж  21 албан хаагчийг бэлтгэж, гарын авлага тараах материалаар хангаж, зөвлөгөө, арга зүйгээр ханган ажиллаж байна.

            Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй  өгөх, хууль ёсны эрхээ хамгаалуулах ажлын хүрээнд 88 иргэнд хууль зүйн зөвлөгөө, 52 иргэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн.

            Аймгийн гэр бүлийн радиотой хамтран  хуулийн цагийг ажиллуулж 7 хоногт 2 удаагийн давтамжтайгаар иргэдэд шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг хүргэж байна. Мөн Сайхан Монгол телевизтэй хамтран эрх зүйн сургалтыг зохион байгуулж  хэвшээд байна.

            Шинээр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон 6 хуулийн талаар иргэдэд зориулсан гарын авлагыг бэлтгэж иргэдэд хүргэлээ.

            Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосонтой холбогдуулан хууль зүйн салбарын байгууллагуудын хамтарсан “Пробоно” нээлттэй өдөрлөгийг зохин байгуулж 12 байгууллагын төрийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр иргэдэд үзүүллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Аймгийн хэмжээнд архидан согтуурах гэмт хэрэгтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Аймгийн Цагдаагийн газартай хамтран архидан согтуурдаг иргэдийн судалгааг шинэчлэн гаргаж, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг 1 сарын хугацаатай зохион байгуулж, 123 иргэнийг албадан эрүүлжүүлж, 31 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулж, 15 иргэнийг согтуурлын донтолтын зэргийг тогтоолгон, албадан эмчилгээнд  хамруулсан байна. Дээрх иргэдийг захиргааны  албадан эмчилгээнд  явуулах ажлын хүрээнд орон нутгийн төсвөөс 288000 төгрөгийг зарцуулаад байна.

2019 оны эхний 4 сарын байдлаар 152 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 хэргээр буюу 70,7 хувиар өсжээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 126 бүртгэгдэж  57 хэргийг илрүүлж, гэмт хэргийн илрүүлэлт 45,2 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3,6 хувиар өссөн байна.

Мөн Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замыг хаах болсонтой холбогдуулан хойд чиглэлийн Хөвсгөл, Орхон, Булганы тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашинчилэн- Баяннуур чиглэлээр өнгөрөх маршрут батлагдсантай холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх ажлуудыг хийж эхлээд байна. Дээрх ажлын хүрээнд  Зам  тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг ажиллаж замын маршрутыг газар дээр нь үзэж танилцлаа.

2019 оны улсын төсвийн хөрөнгөөр аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын нийтийн байр, Рашаант, Хутаг-Өндөр сумдад замын цагдаагийн пост барих ажлуудыг тендер сонгон шалгаруулалт хийгдээд байна.

Бусад ажлын хүрээнд:

Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн гүйцэтгэх ажиллагаа эхний 4 сарын байдлаар 31,8 хувийн биелэлттэй, орон нутгийн төсөвт 16230000 төгрөгийг төвлөрүүлээд байна.

Хилийн цэргийн 0286 дугаар ангид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 48 сая төгрөгийн үнэ бүхий тусгай тоноглол бүхий автомашиныг олгохоор тусгагдаж Батлан хамгаалах яаман дээр тендер сонгон шалгаруулалтын шатандаа явагдаж байна.

Сумдад нотариатчийн үүрэг гүйцэтгэхээр шинээр 5 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт Хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар эрх олгогдож нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэж байна. Булган, Дашинчилэн сумдад тойргийн нотариатч ажиллаж иргэд үйлчилгээ үзүүлж байна.

 

ДӨРӨВ: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 

Боловсролын чиглэлээр:

Монголын багш нарын VII их хуралд манай аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвийн захирал, эрхлэгч, багш нарын төлөөллөөс бүрдсэн 19 төлөөлөгч оролцсон.

Боловсролын салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн 2019.04.04-06-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтаар СӨБ, ЕБС-ийн удирдлагууд, нягтлан бодогч нарын манлайллыг нэмэгдүүлэх, цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, цаашид баримтлах үйл ажиллагааны чиглэл өгөх зорилгоор бусад байгууллагуудтай хамтран сургалт, мэдээлэл өглөө.

БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор хамтран зохион байгуулж буй "НОГООН ПАСПОРТ ЭЗЭМШИГЧ БАГШ, СУРАГЧДЫН УУЛЗАЛТ" амжилттай боллоо.

Монгол улсын зөвлөх багш Х.Эрдэнэчимэг (Булган аймгийн Рашаант сумын бүрэн дунд сургуулийн бага ангийн багш)-ийн нэрэмжит "Сайн хичээл-үйл ажиллагаа" Дархан, Чин толгойн бүсийн сургуулийн бага ангийн багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа. ЕБС-ийн суралцагчдийн дунд зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах "Мэтгэлцээн"-ий тэмцээн, “Оюунлаг Булган” хөтөлбөрийн ой тогтоолтын сургалт зохион байгуулагдлаа.

Физик, Бага боловсролын багш нар, Мэдээллийн технологи, Хими, Орос хэл, Биологи, Англи хэл, Газарзүй,Технологи, Математик, Монгол хэл бичиг, Нийгэм, Түүх зэрэг  54 төрлөөр  төрөлжсөн олимпиадууд  зохион байгуулагдлаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтад  өндөр амжилт гаргах зорилгоор сорилго шалгалтуудыг 12-р ангиас 2 удаа авч дүнг сургуулиудад хүргүүлэн ажиллаж байна.

Булган сумын төрийн албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг бидний бахархал” тэмцээнийг 8 дахь жилдээ, “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг угтан “Сайхан бичигтэн” уралдааныг 4 төрлөөр, уран бичвэрийн анхдугаар уралдааныг Булган аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн, аймгийн Засаг даргын захирамжаар жил бүрийн 4-р сарыг “Эрүүл мэндийг дэмжигч-Эрүүл аюулгүй ажлын байр” уриан дор зохион байгуулж ирсэн. Эх хүүхдийн тусламж үйлчилгээ, Томуу томуу төст өвчин, Эрүүл мэндийн эдийн засаг зэрэг 5 удаагийн цахим хуралд мэдээлэл хийж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ны ажлын явцыг сумдын ЭМБ-дад үзүүлэх асуумж гаргалаа.

 “Олон улсын эмч нарын өдөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмч нарын дунд  “Шилдэг эссэ”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг эмч”-ийг шалгаруулж тэмдэглэн өнгөрүүлсэн.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгох тухай 23 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2019 онд дэвшүүлсэн “Инээмсэглэл- эерэг хандлага 8/20” зорилтыг хангах зорилгоор сумдын ИТХ, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн байгууллагад зөвлөн тусалж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор сумдад ажиллах удирдамжийг батлуулан ажиллаа.

Эрүүл мэндийн салбарын Хүний нөөцийг хөгжүүлэх бодлогод тусгагдсны дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тасралтгүй багц цагийн сургалтад хамруулах зорилтыг хэрэгжүүлэн  ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний “Ёс зүйн хяналтын хороо”-той хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх нь” 1 өдрийн 1 багц цагийн, АШУҮИС-ийн багш нар орон нутгийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд  “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөгжлийн чиг хандлага” сэдэвт 2 багц  цагийн 1 өдрийн сургалтыг  зохион байгуулж давхардсан тоогоор 280 мэргэжилтэнг хамрууллаа.

Нийгмийн халамжийн чиглэлээр:

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Нийгмийн халамжийн багц хууль, бодлогын баримт бичиг, Засгийн газрын тогтоол, шийдвэр, бусад эрх зүйн акт, баримт бичгийн биелэлтийг ханган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан хөдөлмөр эрхлэлт, халамжийн сангийн зарцуулалтад хяналт тавих, ажлын байр бий болгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,  тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг цаг хугацаанд нь чирэгдэлгүй олгох ажлыг зохион байгуулан  ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

Шинэ ажлын байр: 2019 оны 4-р сарын байдлаар 19 ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллага 84 шинэ ажлын байр бий болгосноос байнгын ажлын байр 31 , улирлын ажлын байранд 3 , түр ажлын байр 50-ыг бий болгоод байна

Ажилд зуучлал: 2019 оны эхний улирлын байдлаар 86 иргэн ажлын байранд зуучлагдсанаас байнгын ажлын байранд 53 иргэн, улирлын ажлын байранд 7 иргэн, түр ажлын байранд 26 иргэн зуучлагдсан байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 2019 оны байдлаар 1045 ажил хайгч иргэн бүртгэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 76 хувийг 15-44 насныхан эзэлж байна. Сургууль төгсөөд ажилгүй байгаа, шилжин суурьшсан, цэргээс халагдаад ажилгүй байгаа  гэх шалтгаанаар ажил хайж байгаа иргэд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 46 хувь эзэлж байна.

 “Ажил хайгч-Ажил олгогч иргэдийг дэмжих өдөрлөг”-ийг зохион байгуулан 23 ажил олгогч байгууллагаас 100 гаруй ажлын байрны захиалга авч 32 иргэнийг ажлын байранд зуучлан ажиллалаа.

Нийгмийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээний хүрээнд 28 ажил олгогч байгууллагын 82 ажлын байрны захиалгыг авч ажилласан.

ХАБЭА-н сарын аянтай холбогдуулан аймгийн ХАБЭА-н зөвлөл хуралдаж сарын аяны хүрээнд зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав. ХАБЭА-н сарын аяны хүрээнд төрийн байгууллагуудад ХАБЭА-н сургалт, Дэвжээ тэмцээн, Баяннуур, Дашинчилэн сумдад үзлэг, шалгалт, зөвлөн туслах чиглэлээр ажиллах, хууль, тогтоомжийн эмхэтгэл гарган албан хэрэгцээнд ашиглах, барилга, зам, тээвэр, уул уурхайн салбарт ажиллагсдын ХАБЭА-н судалгаа гаргах, шилдэг байгууллага шалгаруулах зэрэг  арга хэмжээг зохион байгууллаа. 

2019 оны 4-р сард ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 108, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 39, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд 113, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 64 төсөл ирүүлснийг хянаж байна. 

Нийгмийн халамжийн чиглэлээр:

Нийгмийн халамжийн сангаас 2019 оны 4-р сарын байдлаар дараах үйлчилгээнүүдийг үзүүллээ. Үүнд:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр  995 хүнд 634.454.1 сая төгрөг
  • Нийгмийн халамжийн тэтгэмж      2549  хүнд  534.521.7сая төгрөг
  • Жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж  3754 хүнд 604.579.7 сая төгрөг
  • Ахмад настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж  410  хүнд  107.978.5  сая төгрөг
  • ХБИргэнд үзүүлсэн хөнгөлөлт тусламж     12105 хүнд 20.412.3 сая төгрөг
  • АЦА настанд үзүүлсэн хөнгөлөлт тусламж   28   хүнд  18.088.7  сая төгрөг
  • Алдарт эхийн 1,2-р одонтой эхчүүдийн мөнгөн тусламж   5395 хүнд  706.800 сая төгрөг
  • 65-аас дээш настай ахмадуудад насны хишиг олголт  2965 хүнд  сая төгрөг  242.560
  • Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж  24  хүн  36.000
  • сая төгрөг нийт 2.905. 395 сая төгрөгийн хөнгөлөлт,  үйлчилгээ үзүүлсэн .  

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу 16 сум 1 тосгоны байнгын асаргааны тэтгэмж авч буй 1276 иргэний хувийн хэрэг, анхан шатны баримт материалд хяналт шалгалтыг зохион байгуулж,  457  өрхөд зочилж, нөхцөл байдлын үнэлгээ хийхээр төлөвлөснөөр 398 өрхөд зочлон нөхцөл байдлын үнэлгээ хийж ажиллалаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр:

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

“Хүрч үйлчилье” иргэн төвтэй төрийн үйлчилгээ арга хэмжээний хүрээнд ГБХЗХГ-ын хамт олон сургалт, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ, зөвлөн туслах, сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгаалал \хяналт\, залуучуудын жилийн аяны мэдээлэл зэрэг чиглэлээр Бүрэгхангай, Орхон, Бугат, Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг сумдад ажиллалаа. Сум бүрт

  • Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцан гишүүдэд сургалт мэдээлэл хийх
  • Эцэг эхчүүдтэй уулзан сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудал, хүүхэд хөгжлийн үйлчилгээний талаар судалгаа авч санал бодлыг нь сонсох
  • Дунд, ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох сургалт зохион байгуулж, хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг сонсон тэднээс судалгаа авах
  • Дотуур байрны хүүхдүүдтэй бүлгийн ярилцлага хийх
  • Сургуулийн багш, нийгмийн ажилтан, багш ажилчидтай уулзалт зохион байгуулж хүүхэд хөгжил хамгааллын асуудлаар ярилцах
  • Хүүхдийн эрхийн улсын байцаагч сургууль цэцэрлэгийн орчин нөхцөл, хоол үйлдвэрлэлийн нөхцөл байдалд хяналт тавих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Дээрх сумдад нийт 120 гаруй эцэг эх, 500 гаруй хүүхдүүдийг уулзалт сургалтад хамруулсан байна. Хүрч үйлчилье арга хэмжээний хүрээнд сум бүрт зөвлөмж боловсруулан хүргэлээ.

Гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр:

  • Гэр бүлийн гишүүн бүрийн танин мэдэхүйн хөгжил, сэтгэл зүйн онцлогт тохирсон зөвлөгөө мэдээллийг байгууллагын фэйж хуудсаар дамжуулан хүргэж байна.  7 хоног бүр  гэр бүлийн боловсролын чиглэлээр 3 төрлийн мэдээлэл зөвлөгөөг 3000 гаруй цахим хэрэглэгчдэд хүргэж байна.
  • Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион  байгуулахгүй байх Засгийн газрын шийдвэрийг зөрчин хориглосон хугацаанд морь уралдуулсан Бүрэгхангай, Хишиг-Өндөр суманд Хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж уяачидтай уулзаж торгууль тавьж ажиллалаа.
  • Түр хамгаалах байранд Булган сумын 12, 10 настай эгч дүү гэр бүлийн хүчирхийлэлд өртөн ирснийг нийгмийн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэн эцэг эхтэй нь холбогдон хууль ёсны хүмүүст нь хүлээлгэж өглөө. Мөн Хишиг-өндөр суманд үл таних тодорхойгүй иргэдтэй ажил хийнэ гэсэн зорилгоор дагаж явсан насанд хүрээгүй хүүхдийг Улаанбаатар хотод ар гэрт нь хүргэж өгсөн.
  • Могод суманд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйг хүүхдийн хамт хүчирхийлэгч үйлдэгчээс тусгаарлан аюулгүй байдлыг ханган хохирогчийн хамаатан садан болох хүмүүст хүлээлгэж өглөө.

Хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр:

  • “Ургаа мэдвэл улсаа мэднэ” арга хэмжээнд зориулж ургийн бичиг, ургийн бичиг хөтлөх түүний ач холбогдлын талаар МУ-ын гавьяат багш Ш.Шийтэр багштай хамтран видео хичээл бэлтгэн бүх сумдад хүргэлээ. 
  • ХХҮГ-тай хамтарч Хөдөлмөрийн биржийг нээн ажиллуулж байна.  
  • ГБХЗХГ-ын үйл ажиллагаа, Залуучуудын хөгжлийн тухай хууль болон, Залуучуудын хөгжлийн төв, Хүүхэд залуучуудын ордны мэдээллийг төлөвлөгөөний дагуу хуваариа бизнес эрхлэгчид буюу “Цэцэгжин” зах болон түүний ойр орчмын дэлгүүр үйлчилгээний газрууд, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн хамт олонд хүргэсэн.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв Залуучуудын хөгжлийн төвийн байранд ажиллаж байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхэд тогтмол хамрагдаж үйлчлүүлж байна.

Биеийн тамир спортын чиглэлээр:

Баянхонгор аймагт зохион байгуулагдсан “Спорт ба хөгжил” сэдэвт Хангайн бүсийн сургалтад аймгийн төлөөлөгчид оролцож туршлага, арга зүй судаллаа. Биеийн тамирын багш, дасгалжуулагчдын бие бялдрын боловсрол- олимпизм, хүүхдийн спорт сэдэвт өргөтгөсөн зөвлөгөөнд албаны дарга, Хялганат спорт цогцолборын аргазүйч, зохион байгуулагч, ЕБС-ийн биеийн тамирын багш-1 тус тус хамрагдлаа.

Боксын Залуучуудын, Усан сэлэлтийн өсвөр үе, идэрчүүдийн, Самбо бөхийн өсвөр үеийн, Жүдо бөхийн өсвөр үеийн, бага нас, өсвөр үеийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах, Г.Баасангийн нэрэмжит Боксын олон хотын,  Хүүхдийн спортын VI-р наадмын Хангайн бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн  волейболын, Таеквондогийн бүсийн тэмцээнд тус тус амжилттай оролцлоо.

Булган аймгийн Хүүхдийн спортын VI наадмын Чөлөөт бөхийн ААШТэмцээн, Булган аймгийн Шагайн харвааны аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг “Найдвар” тэмцээн, Төвийн бүсийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж, Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд байгууллагын ажилчдын 20 хувийг түүврийн аргаар  авч 32 байгууллагын 273 хүнийг хамруулаад байна. “Ахмадын жил”-ийн хүрээнд 6 багийн ахмадуудын дунд софт волейболын тэмцээнийг Булган сумтай хамтран  зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 6 багийн 72 ахмадууд оролцлоо.

 

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Мал аж ахуйн талаар :

Энэ онд аймгийн хэмжээнд 1565.3 мянган хээлтэгч төллөхөөс 1073.7 мянган хээлтэгч төллөсөн бөгөөд ингэ 124, гүү 17533, үнээ 31870, эм хонь 671391, эм ямаа 352751 буюу 67.2 хувь нь төллөсөн байна.  4-р сарын байдлаар гарсан төлийн 1036.6 мянган төл буюу 98.2 хувьтай бойжиж байна. Төрлөөр нь авч үзвэл ботго 123, унага 17335, тугал 31663, хурга 639179, ишиг 348347 байна. Том малын зүй бус хорогдол тэмээ 2, адуу 761, үхэр 809, хонь 4798, ямаа 4097 болж, нийт 10467 толгой мал байгаа нь нийт малын 0.3 хувь хорогдсон байна.  “Үлийн цагаан оготнотой байгальд хоргүй аргаар тэмцэх арга хэмжээг зохион байгуулах тухай” ХХААХҮ-н сайдын А/86 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын А/235 дугаар захирамжаар Дашинчилэн 8800 га, Рашаант 8000 га , Гурванбулаг 5000 га, Могод 6000 га, Хишиг-Өндөр 5000 га, Сайхан 5000 га, Баян-Агт 3000 га буюу нийт 40800 га  бэлчээрийн талбайд тэмцлийн ажлыг энэ оны 05 дугаар сарын 01-ээс 06- дугаар сарын 01-нийг хүртлэх хугацаанд зохион байгуулахаар гэрээг байгуулав.

“Шинэ хөдөө Булган”  дэд хөтөлбөрийг  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 7-р хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.

 “Шинэ хөдөө” төслийн хүрээнд малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Сэлэнгэ үүлдрийн дээд эцэг болох Герефорд үүлдрийн 25 бухан бярууг 20 малчинд хүлээлгэн өглөө.

Мал эмнэлгийн чиглэлээр:

МЭЕГ-с ирүүлсэн удирдамжийн дагуу 16 сумын 53 МЭҮН-д “ Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бэлэн байдал”-г  шалгасан дүн, МЭҮН-д хэрэглэж байгаа эм, малчдын суурьт мал хэрэглэж байгаа малын эмийн судалгааг зурган файл хэлбэрээр гаргаж  МЭЕГ-т хүргүүллээ.

Нийт сумдад 233,0 мянган малд дотроын халдварт хордлого, 58,6 мянган малд цусан халдвартын вакцин хийгдэж урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаад байна.

Лабораторид энэ сард нийт 358 дээж шинжилгээнд хамрагдсан. Үүнд нян судлалын 44, паразит судлалын 5,  ариун цэврийн шинжилгээнд 8, ийлдэс судлалын шинжилгээнд 301 дээж  хамрагдсан байна.  

Хүнс, газар тариалангийн талаар:

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн “Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль” болон 2015 оны ЗГ-ын 353 дугаар тогтоолоор батлагдсан “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги /2015-2025/, мөн 2015 оны 447 дугаар тогтоол “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.2 дахь заалтыг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан А/119 / А/355 тушаалыг эрчимжүүлэх хүрээнд аймгийн засаг даргын 2019 оны 04 сарын 11 өдрийн А/200 дугаар захирамжаар тус аяныг зохион байгуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяны удирдамж, төлөвлөгөөг, Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, үйлдвэрлэлтийн хугацааг хэрхэн харах, хүнсний зориулалтын бус хуванцар савны талаарх мэдээллийг хийж, 18 төрлийн 1200 орчим ширхэг гарын авлага материал бэлтгэн тарааж, иргэдэд сурталчлан ажиллаж байна.

Аймгийн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Булган сумын төвд хувийн хэвшлийн 1,3-1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Бизнесийн жишигт нийцсэн худалдааны төв” ашиглалтанд оруулахаар 2019 оны 04 сарын 22 өдөр Улсын комисс ажиллаж хүлээн авсан.

Мөн Орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтын сүлжээг өргөжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг “Скай плаза” бизнес центр-т байрлах “Ажигана” ХХК нь орон нутгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн борлуулах худалдааны төвд аймгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах талаар сумдын удирдлагуудад мэдээлэл хүргүүлж, хамтран ажиллахаар судалгаа мэдээлэл хүргүүлэв.

Хамтын ажиллагааны хүрээнд ХХААГ нь СХЗХ, ЭМГ-тай хамтран сумдын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарынханд болон иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, сургалт хийх ажлын удирдамж боловсруулан гарын авлага материал хэвлүүлэн сурталчилан ажиллаж байна.

Булган сумын чацаргана тариалагч өрх бүлд услалтын системийг суурилуулах ажлыг эхлүүлж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

ЗУРГАА: БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР:

Байгаль орчны чиглэлээр:

"Эх дэлхийн цаг +60" арга хэмжээг "Хуванцараас татгалзая" уриан дор тэмдэглэж, Цогт хун тайжийн талбайд 715 ш лаа асааж, төв гудамжны гэрэлтүүлэг болон Цогт хун тайжийн талбайн гэрлийг 30 минут унтрааж эрчим хүчээ хэмнэлээ.

Булган сумын ЗДТГ-ын албан хаагчдад “Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тухай хууль”-ийн талаар мэдээлэл хийлээ.

Сумдын татварын улсын байцаагч нарт “Усны тухай хууль болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх” сэдвээр сургалт хийж, усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

БОАЖЯ, “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл”-тэй хамтран Ойн тухай хууль, тогтоомжийг сурталчлан таниулах бүсчилсэн  сургалтад сумын ИТХ-ын дарга, тэргүүлэгч, Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, нөхөрлөл, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо.

"Цэвэр орчин-Цэмцгэр Булган" аяны хүрээнд ай сав, гуу жалга, дэрсэн дэх хог хаягдал болон сумдын төвийн нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хэрэгжүүлж байна. 

Газрын харилцаа барилга хот байгуулалтын чиглэлээр:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрүүдийг орон нутагт эрчимжүүлэх, эрх зүйн хөтөчийг чадавхжуулах зорилгоор Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант сумдын албан хаагчид, олон нийтэд Газрын тухай хууль, тогтоомжийг сурталчлах, газрын даамлын үйл ажиллагаанд хяналт шалгалт, зөвлөн туслах ажиллаа.

Булган аймгийн Булган, Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, шалгах ажлын удирдамжийн дагуу газар эзэмшигч, ашиглагч нарын газар эзэмших гэрээ, гэрчилгээтэй эсэх, газраа зөвшөөрөлгүй сунгасан, барилга байгууламж барьсан, кадастрын зурагтайгаа тохирч байгаа эсэхэд хяналт хийлээ.

Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/215 дугаар захирамжаар Хялганат тосгоны сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газрын цахилгаан хангамжийн ажлыг "Угуут ажнай" ХХК, аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/181 дүгээр захирамжаар Могод сумын эрүүл мэндийн төвийн засварын ажлыг “Баян өндөр булаг” ХХК , аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/198 дугаар захирамжаар Булган сумын үерийн хамгаалалтын суваг, явган хүний замын ажлыг “Велмот” ХХК, аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/219 дүгээр захирамжаар Могод сумын тамгын газрын барилга угсралтын ажлыг “Эм би эф” ХХК-тай гэрээг байгуулж ажиллаа.

 

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Хуудас:  1  (нийт 1 мэдээ )

Булган 80-н жил